МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ АЖ ҮЙЛДВЭРИЙН ЧУУЛГАН
Д.Эрдэнэбат: Бид АҮ-ийн салбарт эрх зүйн таатай орчин бүрдүүлэх....

 

Д.Эрдэнэбат: Бид АҮ-ийн салбарт эрх зүйн таатай орчин бүрдүүлэх, үйлдвэрлэлийг хөгжүүлэх өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэж ажиллаж байна

“Монголд үйлдвэрлэв” аж үйлдвэрийн чуулганд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатын танилцуулах илтгэл

Улаанбаатар хот                                 2015 оны 10 дугаар сар 16

 

Эрхэм хүндэт зочид оо !

 

Та бүхнийг Монгол Улсын Аж үйлдвэрийн Анхдугаар чуулганд бидний урилгыг хүлээн авч ирсэн явдалд гүн талархал илэрхийлье !

Бид өргөн уудам нутагтай, байгалийн асар их  баялагтай ард түмэн.

 

Монгол Улсын төр сүүлийн 25 жилд тохиосон Эдийн засгийн өрнөлийн түүхэн үйл явцад нухацтай дүгнэлт хийж ололт амжилт, олсон сургамж, гаргасан алдааг бодитоор дүгнэж “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”-оо гаргалаа.

 

МУ-ын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж  Монгол Улсын эдийн засгийн бие даасан байдал, тогтвортой өсөлтийг хангах зорилтын хүрээнд төр болон хувийн хэвшлийн түншлэлийн бүтээлч хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжиж, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох, нэмүү өртөг шингэсэн, өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг эрчимжүүлэх зорилгоор  зарлиг гаргасан нь Аж үйлдвэрийн бодлого тодорхойлоход түлхэц болсоныг тэмдэглэж байна.

 

 “Монгол Үйлдвэрлэв”...

 

Энэ үг манай орны бүтээлч ард түмнийг таниулах нэрийн хуудас нь байгаасай гэж Монгол хүн бүр хүсч, итгэж, зүтгэх байгаа явдал юм.

 

Тийм ч учраас Аж үйлдвэрийн чуулганыг энэхүү нэрийн дор явуулж байна.

Өнөөдрийн форумын ажиллагаанд нийт 500 гаруй зочид, төлөөлөгчид оролцож байгаагаас бизнесийн төлөөлөл 45 %, төрийн байгууллагын төлөөлөл 12 %, гадаадын зочид, төлөөлөгчид 15 %, эрдэмтэн, судлаачид 15 %, мөн төрийн бус байгууллага, олон нийтийн байгууллагын төлөөлөл 13 %-ийг бүрдүүлж оролцож байна.

 

Өнөөдөр Монголчууд бид хэрэглээний эдийн засгаас үйлдвэрлэгч бүтээгч эдийн засагруу шилжиж байна. Тиймээс Монгол улс экспортын чиглэлтэй үйлдвэрлэл, үйлчилгээ давамгайлсан, хувийн хэвшил тэргүүлсэн эдийн засгийн  өсөлт, хөгжлийн стратегийг сонгоод байна.

Монгол улсын засгийн газар, Аж үйлдвэрийн яамнаас “Монголд үйлдвэрлэв” аж үйлдвэрийн чуулганыг анх удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд цаашид 2 жил тутам зохион байгуулагдахаар төлөвлөөд байна.

 

Чуулганы зорилго нь төрийн болон хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн төлөөлөл, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид та бүхэнтэй хамтран нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж нийтлэг ойлголцлыг бий болгон,  үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөгжлийн гарцыг тодорхойлоходоршиж байна.

 

Монгол Улсын Засгийн газраас Аж үйлдвэрийн салбарын эрхлэх асуудлын хүрээнд хүнд, хөнгөн, жижиг дунд үйлдвэрийн бодлого, үйлдвэрлэл технологийн парк, чөлөөт бүс, гадаад дотоод худалдаа, үйлчилгээ, экспорт, импортын асуудлуудыг нэгтгэн зохион байгуулсан нь маш чухал шийдвэр болсон.

 

Энэ нь олон салбарт хуваагдаж байсан үйлдвэрлэлийн асуудлыг нэгтгэн, аж үйлдвэрийн нэгдсэн бодлого, удирдлага зохион байгуулалтанд оруулан,  салбарын хөгжилд сөргөөр нөлөөлж байсан хүчин зүйлсийг засах боломж олгосон.

         

Дэлхийн өндөр хөгжилтэй аль ч улс орны эдийн засгийн хөгжлийн түлхүүр нь аж үйлдвэржилт байгаатай хэн ч маргахгүй биз.

Хөгжиж буй Монгол орон уул уурхай түүхий эдийн худалдаалагч орноос өөрийн баялгийн нөөцөд тулгуурласан аж үйлдвэрийг угтан хөгжүүлэх бодлогоо гаргаж байна.

 

Үүгээрээ бид технологийн хоцрогдлоосоо богино хугацаанд гарах, гадаадын хөрөнгө оруулалтыг урамшуулах, шинэ техник технологийн ур чадварын арга барилд суралцах, гадны дэвшилтэд технологийг өөрийн нөхцөлд нутагшуулах, боловсон хүчний эрчимтэй сургалтыг дэмжих нөөцөө нэмэгдүүлэх бодлогыг барихаар төлөвлөж байна.

 

Уул уурхайн хараат байдлаас ангижирч боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих, эдийн засгийн уналтыг дахин давтахгүй байх урьдчилсан нөхцөлийг хангахын тулд аж үйлдвэржилт, дэд бүтэц, эрчим хүчний баттай суурийг төрийн нэгдсэн бодлогоор тавих зорилт тулгарч байна.

 

Аж үйлдвэрийнхээ хөгжлийг хангахад хөрөнгө оруулалтын хариуцлагыг өндөржүүлж, үндэсний чадварлаг найдвартай үйлдвэрлэгч, компаниудын хөрөнгө оруулалтын үүргийг дээшлүүлж төрийн бодит хөнгөлөлт, дэмжлэгийг үзүүлэх эхлэлийг тавьж байна.

 

Би та бүхэнд өнөөдрийн бодит байдлийг тоон үзүүлэлтээр хэлье.

 

Манай орны өрсөлдөх чадвар 133 орны 109-т эрэмбэлэгдэж байна.

 

Нийт боловсруулах үйлдвэрлэлд дунд өндөр технологи дөнгөж 5.3 %-г эзэлж байна. Энэ тоон үзүүлэлт манай хоёр хөрш ОХУ-аас 4 дахин, БНХАУ-аас 8 дахин доогуур байна.

 

Дэлхийн эдийн засгийн эерэг шалгуур үзүүлэлтээр боловсруулах үйлдвэрлэлийн  ДНБ-д эзлэх хувь 20 % байдаг бол манай улсых 8-9 % л байна.

 

Өнөөгийн байдлаар Монгол Улс Хятад улсаас бусад эдийн засгийн идэвхитэй харилцаатай, тухайлбал ОХУ, Япон, БНСУ, АНУ, ХБНГУ, Франц, Канад зэрэг улстай буюу худалдаанны харилцаатай нийт улсын 90 %-тай нь алдагдалтай худалдаа хийж байна.

 

Өөрөөр хэлбэл, манай худалдааны бүтэц энэ хэмжээгээр өрөөсгөл бөгөөд зардалтай гэсэн үг.

 

Засгийн газраас “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги”-ийг саяхан баталлаа. Бид эхний таван жилийн стратеги төлөвлөгөөгөө гарган ажиллаж байна.

 

Тухайлбал, Хүнд үйлдвэрийн салбард, Говийн бүсэд жилд 2 сая.тонн хүртэл газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг, Зүүн бүсэд жилд 300 мянган.тонн хүртэл газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг байгуулах урьдчилсан ТЭЗҮ, БОНҮнэлгээг хийх ажил, “Дархан-Сэлэнгийн бүс нутагт хар төмөрлөгийн цогцолборыг дэд бүтцийн хамт барьж байгуулах” төслийн ТЭЗҮ боловсруулах ажил, "Нүүрснээс байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэр" барих төслийн ТЭЗҮ болон БОНҮ боловсруулах ажил,

Хөнгөн үйлдвэрийн Ноолуурын салбарт эргэлтийн хөрөнгийн зээлийн эх үүсвэрийг 100 тэрбум төгрөгөөр,  Ноосны салбарын техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, өргөтгөхөд зориулсан эх үүсвэрийг 45 сая ам.долларын нэмэгдүүлсэн, Арьс ширийг дотооддоо гүн боловсруулах болон түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй нөхцлөөр олгох” нийт 140.4 тэрбум төгрөгийн эх үүсвэрээс тус салбард үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид хөнгөлттэй зээлийг үргэлжлүүлэн олгож, Экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлүүдийг дэмжих зорилгоор 300 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлж байгаа зэрэг санхүүгийн бодит дэмжлэгийг хэрэгжүүлж байна.

 

Чөлөөт бүсүүдэд худалдаа, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр“Алтанбулаг”, ”Замын-Үүд”, ”Цагааннуур” чөлөөт бүсэд хөрөнгө оруулах сонирхогч, иргэд, аж ахуйн нэгжүүдтэй уулзалт, зөвлөгөөнийг үе шаттай зохион байгуулаж байна.

 

Бид аж үйлдвэрийн салбарт эрх зүйн таатай орчинг бүрдүүлхээс гадна, үйлдвэрлэлийг хөгжүүлэх өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна.

 

Одоо бүгдээрээ гадаад болон дотоодын хөрөнгө оруулалтын тоон үзүүлэлтийг нэг харъя.

 

Сүүлийн 23 жилд нийт гадаадын хөрөнгө оруулалтын 72.5 %-ийг уул уурхай, геологийн эрэл хайгуулд,  17.8 % нь худалдаа, нийтийн хоолонд оржээ. Харин дөнгөж 1.2 % нь боловсруулах үйлдвэрт орсон байна.

 

Уул уурхай, ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээлд унахын хирээр гадаадын хөрөнгө оруулалт шууд татарсан хэдий ч сүүлийн 2 жилд дотоодын хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж байгаа нь  эерэг үзүүлэлт юм.

2012-2014 онуудад энэ тоо 2 дахин өсч 4 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ тоо нөгөө талаасаа төр үндэсний үйлдвэрлэгчидээ итгэл өгч ачаа үүрүүлэх цаг болж байгаагын илэрхийлэл юм.

 

Хөрөнгө оруулалтыг үндэсний эрх ашгаа дээдэлсэн хөгжлийн шаардлагад нийцүүлж уян хатан болгох шаардлага тулгарч байна.

 

Эдийн засгийн бүхий л нөөц боломжоо үйлдвэрлэлд чиглүүлж импортыг орлох үйл ажиллагааг дэмжиж, хамгаалах, экспортын чиг баримжаатай бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих явдал юм.

 

Өөрөөр хэлбэл бид шууд хийж бүтээх үед шилжинэ гэсэн үг юм.

 

Өнөөдөр манай банк санхүүгийн механизм үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийх чадвар туйлийн сул байна.

 

Үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтад бага хүүтэй, урт хугацааны зээл шаардагдаж байна. Энэ үед манай арилжааны банк, хөрөнгийн биржийн үйл ажиллагаа илт хоцрогдож байгааг хэлэх нь зүйтэй.

 

Одоо Монгол Улс мөнгө дамжуулан хүүлдэг худалдаачны орноос салж эхлэх гэж байгааг мэдрэх хэрэгтэй байна. Иймд хөрөнгө оруулалтын банкны схемд яаралтай шилжих шаардлага тулгарч байна.

 

Хөрөнгийн бирж брокеруудын ашгийн тулд ажилладаг зарчимаа сольж зах  зээлийн зөв зарчимд шилжих ёстой болж байна.

 

Банк, санхүүгийн тогтолцоог хөгжлийн өндөр түвшинд хүрсэн орнуудын нийтлэг жишигт нийцүүлэн боловсронгуй болгох,  банкны байгууллагаас үзүүлэх санхүүгийн үйлчилгээг төрөлжүүлэн нийтлэг хэлбэрээр явуулах; үнэт цаас, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, өрсөлдөх чадвар бүхий үнэт цаасыг гадаад зах зээлд гаргаж, хөрөнгийн гадаад эх үүсвэрийг  нэмэгдүүлэх, экспортын үйлдвэрлэлийг дэмжих зорилготой холбоо, экспорт-импортын банк зэрэг төрөлжсөн байгууллагуудтай хамтран ажиллах шаардлага байна.

 

Шаардлагатай гэвэл аж үйлдвэрийн яам нь ажиллах чадвар бүхий эрх зүйн шинэчлэлийн саналыг дэмжихэд бэлэн байна.

 

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор Үйлдвэрлэлийг дэмжих хуулийг УИХ баталж гаргасан нь дотоодын үйлдвэрлэлийг идэвхижүүлэн үлэмж сэргээж байна.

 

Үндэсний үйлдвэрлэгчдийн хөрөнгө санхүүгийн чадавхи сул байгаа үед гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, эдийн засгийн хамтын ашигтай ажиллагааг хөхүүлэн дэмжиж, оновчтой бодлогоос хөрөнгө оруулалтын зөв шийдлийг хайж олохыг цаг үе шаардаж байна.  

 

Олон Улсын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаанд олон эерэг хандлага ажиглагдаж эхэлж байна.

 

Хоёр хөрштэй харилцан илтгэлцэж, харилцан дэмжилцэх явдал нь Монгол Улсын амин чухал асуудал мөн.

 

Ази, Европыг холбох “Торгоны зам” төсөлд Монгол Улс идэвхитэй оролцож эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг эрэлхийлж байна.

Монгол Улсын “Талын зам” төсөл, гурван улсын эдийн засгийн коридор хөтөлбөрт бид хамтран ажиллаж байна.

 

Эдгээр төслүүд дэх манай улсын оролцооны чухал нөхцөл нь боловсруулах үйлдвэрүүдийг  барьж  байгуулах, бүс нутаг, хил орчмын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхижүүлэх, дэд бүтэц, зам тээврийн бүтээн байгуулалтыг хамтран хэрэгжүүлэх явдал юм.

 

ЕврАзийн эдийн засгийн холбоотой нягт хамтран ажиллах боломж бүрдэж байна.

 

Япон улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулж хоёр орны эдийн засаг хамтын ажиллагааг идэвхижүүлэх чиглэлд эрчимтэй ажиллаж байна.

 

Энэхүү хэлэлцээрээр Японы технологид суурилсан экспортын чиглэлтэй үйлдвэрүүдийг хамтран хөгжүүлэхийг бид зорьж байна.

 

Энэ өдрүүдэд ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ноён Гаук манай оронд айлчилж байгаатай давхцан Герман-Монголын хамтын ажиллагааны хэлэлцээрийн ажлын хэсгийн хамтарсан хуралдаан боллоо.

 

Бид ХБНГУ-тай хүнд, хөнгөн, жижиг дунд үйлдвэрүүдийн хөрөнгө оруулалтын төслүүдийг хамтран хэрэгжүүлэх тал дээр санал нэгдэж чадлаа.

Энэ үеэр манай үндэсний компаниуд худалдааны гэрээ, санамж бичгийг байгуулж цаашид уул уурхай, хүнд, хөнгөн үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн чиглэлд ажиллах нөхцөл бүрдлээ.

 

Германы засгийн газраас олгогдох баталгааны үнийн дүнгээс 4 дахин их үнийн дүн бүхий зэсийн баяжмалыг Герман улсруу нийлүүлэх гэрээг Эрдэнэс Цагаан суварга ХХК болон Германы Аурибис компаниудын хооронд 2015 оны 10 дугаар сарын 15-нд байгууллаа. Энэхүү гэрээгээр 15 жилийн хугацаанд, жил бүр 150,000 тонн, 15 жилийн хугацаанд 2,250 сая тонн зэсийн баяжмал Герман улсад нийлүүлж, хоёр орны худалдааны эргэлт 3 тэрбум орчим америк долларт хүрэх юм.

 

Мөн түүнчлэн Германы технологид суурилсан хөдөлгүүрийн тосны үйлдвэр байгуулах санамж бичгийг хоёр тал гарын үсэг зурлаа.

 

Бидний харилцагч орнууд Монголын байгалийн баялгийг худалдан авах сонирхол байдаг нь нууц биш юмаа.

 

Цаашид уул уурхай, ХАА-н түүхий эдэд суурилсан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл боловсруулах үйлдвэрлэлд хамтран ажиллах саналыг Монгол Улсын Засгийн газар эн тэргүүнд дэмжиж ажиллах болно.

Манай улс цаашид импортын хараат байдлаас гарах, экспортыг нэмэгдүүлсэн бүхий л боломжийг эрэлхийлж байна.

 

Гадаад худалдааны тэнцэл хэт тэнцвэргүй нөхцөл байдлаас гарахын тулд улс орнуудтай эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг санал болгож байна.

 

Үйлдвэрлэгч орон болохыг үндэсний эрх ашиг шаардаж байгаа юм.

 

Бид асуудалыг олон талаас нь өргөн хүрээтэй харах ёстой.

 

Дотоодын давуу талаа олж харж аж үйлдвэржсэн орнуудын туршлагаас судлах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, шинжлэх ухаан технологийн хөрөнгө оруулалтад онцгой анхаарч боловсон хүчний нөөцийн боловсрол чадвар, төлөвшилт онцгой чухал байна.

 

Монгол оронд нүүдэлчин малчид маань, уурхайчид маань, үйлдвэрлэгчид ч маань байх болно.

 

Гагцхүү Монгол Улсынхаа хөгжлийн зөв бодлогод ороход бид бүгд нэгдмэл зорилготой ажиллахын чухлыг онцолж байна.

 

Бид бэрхшээл бүхнийг боломж гэж харж байна.

 

 

 

Эрхэм зочид оо !

 

Монголд үндэсний үйлдвэрлэгчид бойжиж байна.

 

Тэд Монголдоо үйлдвэрлэх, шударга харилцан ойлголцож хамтран ашигтай ажиллах түншээ урихыг хүсч байна.

 

Уултай зүйрлэвэл тэрхүү уулын оргил нь үйлдвэрлэгчид та нар юмаа.

Энэхүү чуулганаас Монгол Улсын аж үйлдвэрийн хөгжлийг зөв залах үнэтэй саналууд гарна гэдэгт илтгэлтэй байна.

 

 

Та бүхэнд амжилт хүсье. 

Холбоо барих

Та дээрх зураг дээрх нууц үгийг давтан бичнэ үү.