МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ АЖ ҮЙЛДВЭРИЙН ЧУУЛГАН
Монголд анх удаа аж үйлдвэрийн чуулганыг зохион байгууллаа

Аж үйлдвэрийн яам энэ сарын 16-нд “Монголд үйлдвэрлэв аж үйлдвэрийн чуулган-2015” арга хэмжээг  амжилттай зохион байгууллаа. “Монголд үйлдвэрлэв” уриан дор нэгдсэн гадаад, дотоодын 500 гаруй зочид, төлөөлөгчид аж үйлдвэрийн салбарын тэргүүлэх чиглэл, хүний нөөц, худалдааны бодлого, технологи, хөрөнгө оруулах боломжийн талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцож, хүнд үйлдвэрлэлийн салбарын томоохон төслүүдтэй танилцсан юм. Чуулганд оролцогчдын 45 хувь нь бизнесийн, 12 хувь нь төрийн байгууллагын төлөөлөл, 15 хувь нь гадаадын зочид, төлөөлөгчид, 15 хувь нь эрдэмтэн, судлаачид ,  төрийн бус байгууллага, олон нийтийн байгууллагын төлөөлөл 13 хувийг тус тус  бүрдүүлжээ. Монгол Улсын Засгийн газар, Аж үйлдвэрийн яамнаас “Монголд үйлдвэрлэв аж үйлдвэрийн чуулган”-ыг анх удаагаа зохион байгуулсан бөгөөд цаашид хоёр жил тутам зохион байгуулахаар  төлөвлөсөн байна.

 “Монголд Үйлдвэрлэв”... Энэ үг манай орны бүтээлч ард түмнийг таниулах нэрийн хуудас нь байгаасай гэж Монгол хүн бүр хүсч, итгэж, зүтгэж байна. Тиймээс ч Аж үйлдвэрийн чуулганыг энэхүү нэрийн дор зохион байгуулсан юм. Чуулганы эхэнд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Монголчууд хэрэглээний эдийн засгаас үйлдвэрлэгч бүтээгч эдийн засаг руу шилжиж байна. Тиймээс Монгол Улс экспортын чиглэлтэй үйлдвэрлэл, үйлчилгээ давамгайлсан, хувийн хэвшил тэргүүлсэн эдийн засгийн  өсөлт, хөгжлийн стратегийг сонгоод байна” гэв.  Аж үйлдвэрийн анхдугаар чуулганы  зорилго нь төрийн болон хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн төлөөлөл, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид та бүхэнтэй хамтран нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж нийтлэг ойлголцлыг бий болгон,  үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөгжлийн гарцыг тодорхойлоход чиглэсэн юм.

Тэрбээр “Цаашид уул уурхай, ХАА-н түүхий эдэд суурилсан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл боловсруулах үйлдвэрлэлд хамтран ажиллах саналыг Монгол Улсын Засгийн газар эн тэргүүнд дэмжиж ажиллах болно. Манай улс цаашид импортын хараат байдлаас гарах, экспортыг нэмэгдүүлсэн бүхий л боломжийг эрэлхийлж байна. Гадаад худалдааны тэнцэл хэт тэнцвэргүй нөхцөл байдлаас гарахын тулд улс орнуудтай эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг санал болгож байна.  Монголд үндэсний үйлдвэрлэгчид бойжиж байна. Тэд Монголдоо үйлдвэрлэх, шударга харилцан ойлголцож хамтран ашигтай ажиллах түншээ урихыг хүсч байна.  Уултай зүйрлэвэл тэрхүү уулын оргил нь үйлдвэрлэгчид та нар юм. Монгол оронд нүүдэлчин малчид маань, уурхайчид маань, үйлдвэрлэгчид ч маань байх болно. Гагцхүү Монгол Улсынхаа хөгжлийн зөв бодлогод ороход бид бүгд нэгдмэл зорилготой ажиллахын чухлыг онцолж байна. Үйлдвэрлэгч орон болохыг үндэсний эрх ашиг шаардаж байгаа юм” гэлээ.

Манай орны өрсөлдөх чадвар 133 орны 109-т эрэмбэлэгдэж байна. Нийт боловсруулах үйлдвэрлэлд дунд өндөр технологи дөнгөж 5.3  хувийг эзэлж байна. Энэ нь манай хоёр хөрш ОХУ-аас дөрөв дахин, БНХАУ-аас найм  дахин доогуур үзүүлэлт юм. Дэлхийн эдийн засгийн эерэг шалгуур үзүүлэлтээр боловсруулах үйлдвэрлэлийн  ДНБ-д эзлэх хувь 20 хувь байдаг бол манай улсынх 8-9  хувьтай байгаа нт цаашид боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхаарал хандуулах шаардлагатай байгаагийн илэрхийлэл юм. Мөн Аж үйлдвэрийн сайд манай улсын гадаад худалдаа өрөөсгөл тэр хэрээрээ алдагдалтай байгааг сануулсан юм. Чуулганы эхэнд Аж үйлдвэрийн яам байгуулагдсанаас хойш хууль эрх зүйн орчинг сайжруулахаас гадна бусад чиглэлд хийж, хэрэгжүүлж буй ажлуудаа сайд Д.Эрдэнэбат илтгэлдээ товч дурдсан.

Засгийн газраас “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги”-ийг саяхан баталсан. Улмаар эхний таван жилийн стратеги төлөвлөгөөгөө гарган ажиллаж байна гэв. Тухайлбал, хүнд үйлдвэрийн салбарт говийн бүсэд жилд хоёр  сая тонн хүртэл газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг, зүүн бүсэд жилд 300 мянган тонн хүртэл газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг байгуулах урьдчилсан ТЭЗҮ, БОНҮнэлгээг хийх ажил, “Дархан-Сэлэнгийн бүс нутагт хар төмөрлөгийн цогцолборыг дэд бүтцийн хамт барьж байгуулах” төслийн ТЭЗҮ боловсруулах ажил, "Нүүрснээс байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэр" барих төслийн ТЭЗҮ болон БОНҮ боловсруулах ажил, хөнгөн үйлдвэрийн ноолуурын салбарт эргэлтийн хөрөнгийн зээлийн эх үүсвэрийг 100 тэрбум төгрөгөөр,  салбарын техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, өргөтгөхөд зориулсан эх үүсвэрийг 45 сая ам доллараар  нэмэгдүүлжээ.

Мөн арьс ширийг дотооддоо гүн боловсруулах болон бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй нөхцлөөр олгох нийт 140.4 тэрбум төгрөгийн эх үүсвэрээс тус салбарт  үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид хөнгөлттэй зээлийг үргэлжлүүлэн олгож, экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлүүдийг дэмжих зорилгоор 300 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлж байгаа зэрэг санхүүгийн бодит дэмжлэгийг хэрэгжүүлж байна. Түүнчлэн чөлөөт бүсүүдэд худалдаа, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр “Алтанбулаг”, ”Замын-Үүд”, ”Цагааннуур” чөлөөт бүсэд хөрөнгө оруулах сонирхогч, иргэд, аж ахуйн нэгжүүдтэй уулзалт, зөвлөгөөнийг үе шаттай зохион байгуулж байна. Энэ нь аж үйлдвэрийн салбарт эрх зүйн таатай орчинг бүрдүүлхээс гадна, үйлдвэрлэлийг хөгжүүлэх өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаагийн илэрхийлэл юм.

Харин гадаад, дотоод хөрөнгө оруулалтын хувьд нэлээн харьцангуй тоон үзүүлэлт чуулганы үеэр хэлсэн. Тодруулбал, сүүлийн 23 жилд нийт гадаадын хөрөнгө оруулалтын 72.5 хувийг уул уурхай, геологийн эрэл хайгуулд,  17.8 хувь нь худалдаа, нийтийн хоолонд оржээ. Харин дөнгөж 1.2 хувь нь боловсруулах үйлдвэрт орсон байна. 2012-2014 онуудад энэ тоо хоёр дахин өсч дөрвөн их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ тоо нөгөө талаасаа төр үндэсний үйлдвэрлэгчидээ итгэл өгч ачаа үүрүүлэх цаг болж байгаагийн илэрхийлэл. Тиймээс ч хөрөнгө оруулалтыг үндэсний эрх ашгаа дээдэлсэн хөгжлийн шаардлагад нийцүүлж, уян хатан болгох шаардлага тулгарч байгааг чуулганд оролцогчид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрсөн юм.

Үүний тулд эдийн засгийн бүхий л нөөц боломжоо үйлдвэрлэлд чиглүүлж,  импортыг орлох үйл ажиллагааг дэмжиж, хамгаалах, экспортын чиг баримжаатай бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих явдал юм. Мөн чуулганы үеэр хөндөгдсөн сэдвүүдийн нэг нь яах аргагүй банк, санхүүгийн байгууллагын дэмжлэгийн асуудал байв. Үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтад бага хүүтэй, урт хугацааны зээл шаардагдаж байна. Энэ үед манай арилжааны банк, хөрөнгийн биржийн үйл ажиллагаа илт хоцрогдож байгааг Аж үйлдвэрийн сайд болон бусад оролцогчид сануулсан юм. Энэ талаар Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Хөрөнгө оруулалтын банкны схемд яаралтай шилжих шаардлага тулгарч байна Үүний тулд Хөрөнгийн бирж брокеруудын ашгийн тулд ажилладаг зарчимаа сольж,  зах  зээлийн зөв зарчимд шилжих шаардлагатай байгааг хэлэв.  Өрсөлдөх чадвар бүхий үнэт цаасыг гадаад зах зээлд гаргаж, хөрөнгийн гадаад эх үүсвэрийг  нэмэгдүүлэх, экспортын үйлдвэрлэлийг дэмжих зорилготой холбоо, экспорт-импортын банк зэрэг төрөлжсөн байгууллагуудтай хамтран ажиллах шаардлага байна”  гэлээ.

Мөн энэ өдрүүдэд ХБНГУ-ын Ерөнхийлөгч ноён Гаук манай оронд айлчилж байгаатай давхцан Герман-Монголын хамтын ажиллагааны хэлэлцээрийн ажлын хэсгийн хамтарсан хуралдаан болсон нь онцлог байв. ХБНГУ-тай хүнд, хөнгөн, жижиг дунд үйлдвэрүүдийн хөрөнгө оруулалтын төслүүдийг хамтран хэрэгжүүлэх тал дээр санал нэгдсэн төдийгүй үндэсний компаниуд худалдааны гэрээ, санамж бичгийг байгуулж цаашид уул уурхай, хүнд, хөнгөн үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн чиглэлд ажиллах нөхцөл бүрджээ.  Германы Засгийн газраас олгогдох баталгааны үнийн дүнгээс дөрөв дахин их үнийн дүн бүхий зэсийн баяжмалыг тус  улс руу нийлүүлэх гэрээг “Эрдэнэс Цагаан суварга” ХХК болон Германы “Аурибис” компаниудын хооронд байгуулсан байна. Энэхүү гэрээгээр 15 жилийн хугацаанд жил бүр 150 мянган тонн, 15 жилийн хугацаанд 2.250 сая тонн зэсийн баяжмал тус улсад нийлүүлж, хоёр орны худалдааны эргэлт гурван тэрбум орчим  ам.долларт хүрэх юм. Мөн Германы технологид суурилсан хөдөлгүүрийн тосны үйлдвэр байгуулах санамж бичигт хоёр тал гарын үсэг зурсан байна. Аж үйлдвэрийн чуулганд оролцогчид  үндсэн зургаан салбар хуралдааны хүрээнд санал, солилцож, шийдлүүдэд хүрсэн.

Товчхондоо энэ удаагийн чуулган Монгол Улсад уул уурхайгаас гадна хөрөнгө оруулах маш том салбар байгааг олон улсад зөв өнцгөөс илэрхийлж чадлаа. Монгол Улс хэрэглэгчээс үйлдвэрлэгч рүү, худалдан авагчаас бүтээгч алхам руу шилжиж байгааг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад илэрхийлэв. Хөгжлийн шинэ шат, шинэ дүр төрхийг энэ удаагийн чуулга уулзалтаас гадаадын хөрөнгө оруулагчид олж харсан бизээ. Гарааны зурхайн дээр зогсч буй Монгол Улс ирээдүйн аж үйлдвэржсэн, өндөр хөгжилтэй орон болоход ойрхон байгаад чуулганд оролцогчид санал нэгдэв. Аж үйлдвэрийн чуулганд оролцсон үйлдвэрлэгчид цаг үеэ олсон арга хэмжээг зохион байгуулсныг онцлоод Монгол Улсад аж үйлдвэр хөгжих итгэл, найдварыг бадраалаа гэв. “Монголд үйлдвэрлэв” аж үйлдвэрийн чуулганыг сайд Д.Эрдэнэбат хааж хэлсэн үгэндээ “Эрсдлээс айдаг улс орон мөхөхийн тавилантай гэдгийг бид мартаж болохгүй.

Бидний өмнө хүлээгдэж байгаа олон асуудлууд байгаа. Бид гарааны зурхайн дээр зогсч байна. Энд хэд хэдэн дүгнэлтийг өнөөдөр гаргалаа. Цаашид бүх шатанд эрх зүйн шинэчлэл дутагдаж байгааг бид ойлголоо. Мэргэжлийн холбоодын тухай хууль, төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг боловсруулж их хуралд өргөн барих ёстой юм байна. Үүсмэл ордын  тухай хуулийг санаачилж, үүнийг тойрсон ЖДҮ-ийг хөгжүүлэх ёстой юм байна. Зээл, хүндрэл, банкны тухай ярилаа. Өнөөдөр яригдсан зүйлийг ажил хэрэг болгохын төлөө Монгол гэдэг зүрх нэгдэж цохилж чадахыг гадаад, дотоодын бүх төлөөлөгчдөд өнөөдөр харууллаа. Б.Нямтайшир гэдэг хүний мөрөөр олон олон бизнесүүд орж ирээсэй. Бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдийг дэлхий тоогоосой гэж хүсч байна. Сайн төсөл байна, муу менежерийг унагаадаг юм. Сайн менежэрийг муу төсөл унагадаг. Дэлхийн зах зээл үнэхээр үр ашигтай төсөл дээр чинь ажиллая гэж дуугарч эхэллээ. Өмнө нь хэзээ ингэж дуугардаг байсан юм. Монголчуудыг ядуу гэдэг байсан. Түүхий эдийнх нь оронд халамж өгье гэдэг байсан. Одоо харин хамтарч ажиллая гэдэг болжээ. Их баярлалаа, та бүхэнд” гэсэн юм. 

Холбоо барих

Та дээрх зураг дээрх нууц үгийг давтан бичнэ үү.