МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ АЖ ҮЙЛДВЭРИЙН ЧУУЛГАН
Анхны эко цементийн үйлдвэр нээлтээ хийлээ

Жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үндэсний үйлдвэр /2015.08.13/-нд Дорноговь аймгийн Өргөн суманд нээлтээ хийлээ.

Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг,  УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь, Барилга хот байгуулалтын Дэд сайд Г.Байгалмаа, Аж үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга Т.Нэмэхбаяр, “Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав, Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг болон бусад албаны хүмүүс оролцов. 

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Говь нутагт их бүтээн байгуулалт өрнөж, үндэсний нэгэн шинэ үйлдвэр үүдээ нээлээ. Үндэсний үйлдвэрлэгчид маань дотоодын хэрэгцээгээ бүрэн  хангаад зогсохгүй цаашид Европ стандартад нийцсэн өндөр чанартай цементийг экспортод гаргах цаг удахгүй гэдэгт итгэлтэй байна. Уул уурхайд түшиглэсэн эдийн засгаас төрөлжсөн эдийн засаг руу шилжиж, аж үйлдвэржсэн Монгол Улс болж хөгжих зам бидний өмнө нээлттэй байна” хэмээн онцлов. 

Мөн энэ үеэр Аж үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга Т.Нэмэхбаяр “Монгол Улсад цементийн дөрөв дэх үйлдвэр нээлтээ хийж байна. Ингэснээр Монгол Улс жилд гурван сая гаруй тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай болж байгаа юм.  Манай улсын жилийн хэрэгцээ 2013-2014 онд хоёр сая гаруй тоннд хүрсэн  байдаг. Энэ онд цементийн хэрэглээний дийлэнхийг үндэсний үйлдвэрүүд хангасан. Цаашид 2016 оноос дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах боломж бүрдэнэ. Аж үйлдвэрийн яамны зүгээс импортын татварыг төрийн бодлогоор зохицуулж, үндэсний үйлдвэрүүдээ дэмжиж, дотоодынхоо зах зээлийг хамгаална” гэв. 

Одоогоос 10-аад жилийн өмнө буюу 2006 онд “Монполимет” группын эхлүүлсэн  төсөл амжилттай хэрэгжиж Европын стандарт, шаардлагад нийцсэн орчин үеийн дэвшилтэт, хуурай аргын технологитой, байгаль орчинд ээлтэй анхны эко цементийн үйлдвэр байгуулсан нь энэ аж. “Монцемент” нь Дорноговь аймгийн “Сэнжит Худаг”-ийн шохойн чулууны ордыг түшиглэн жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр юм. 

Уул уурхайд түшиглэсэн эдийн засгаас төрөлжсөн эдийн засаг руу шилжих хөгжлийг дэмжсэн, импортыг орлож,валютын урсгалыг дотооддоо барих энэхүү үндэсний үйлдвэрлэл нь орон нутгийн төсөвт хөрөнгө бүрдүүлж, 500 гаруй ажлын байрыг шинээр  бий болгож, бүс нутагт үйлдвэр дагасан туслах аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, тэдний орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой. 

Холбоо барих

Та дээрх зураг дээрх нууц үгийг давтан бичнэ үү.