МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ АЖ ҮЙЛДВЭРИЙН ЧУУЛГАН
“Монгол-Хятадын үйлдвэрлэгч, худалдаалагчдын экспо” болно

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат /2015.09.17/ БНХАУ-ын Худалдааны Дэд сайд Гао Яньтай–тай Бээжин хотноо уулзлаа. 

Талууд “Монгол-Хятадын үйлдвэрлэгч, худалдаалагчдын экспо” үзэсгэлэн яармагийг ирэх  сарын 23-27-ны өдрүүдэд ӨМӨЗО-ны Хөх хотод хамтран зохион байгуулахаар болов.  Үзэсгэлэн яармагт Хятадын талаас 49.000 м2 талбай, 70 сая юанийн санхүүжилт гаргаж, хоёр улсын үйлдвэрлэгч, худалдааны компанийн  10 мянга  гаруй төлөөлөгчийг  оролцуулахаар төлөвлөжээ. Цаашид үзэсгэлэн яармагийг  хоёр жилд нэг удаа талууд  ээлжлэн зохион байгуулахаар Хятадын тал төлөвлөж байгаа аж.

Үзэсгэлэн яармагт хоёр талын  төлөөллийг өргөнөөр оролцуулах, зохион байгуулалтыг орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд болон худалдааны танхимуудаар дамжуулан хэрэгжүүлэх, Монгол Улсын Аж үйлдвэрийн яам, БНХАУ-ын Худалдааны яам ерөнхий зохион байгуулагч байхаар санамж бичиг байгуулахаар тохиролцож санал солилцов. 

Энэхүү экспог тогтмол зохион байгуулснаар Монгол Улсын  үйлдвэрлэгчид  бүтээгдэхүүн, үйлчилгээгээ Хятадын зах зээлд гаргах өргөн боломж нээгдэх юм.

Үүнээс гадна талууд гурван улсын эдийн засгийн коридор байгуулах ажлын хүрээнд Монгол Улсад зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэр, БНХАУ-тай хил залгаа аймгуудад мах боловсруулах үйлдвэрүүд байгуулахад хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийх, боловсруулсан бүтээгдэхүүнээ БНХАУ-д экспортлоход дэмжлэг үзүүлж ажиллах талаар хэлэлцэв.

Мөн хил дамнасан эдийн засгийн чөлөөт бүс байгуулах ажлын эрчимжүүлэхээр хоёр талын ажлын хэсгийг ажиллуулах, тулгамдаж буй асуудлуудыг ажлын хэсгүүдийн хурлаар шийдвэрлэх талаар ярилцсан юм. Түүнчлэн  Аж үйлдвэрийн сайд Улаанбаатар хотод энэ оны аравдугаар сарын 15-нд болох “Монголд үйлдвэрлэв” аж үйлдвэрийн форумд БНХАУ-ын төрийн байгууллага болон компаниудын төлөөллийг оролцуулахыг урьж, энэ уулзалтаар олон асуудалд хоёр тал нэг ойлголцолд хүрэхийг онцлон тэмдэглэв.

Холбоо барих

Та дээрх зураг дээрх нууц үгийг давтан бичнэ үү.